Монголын хүүхдийн ордны танилцуулга

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ ТУХАЙ

Монголын хүүхдийн ордон нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 25 тоот тогтоолоор Монголын пионер сурагчдын төв ордон нэртэйгээр хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор байгуулагдсан.

Өдгөө манай ордон нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, авъяас чадварыг нь нээн хөгжүүлэх зорилгоор дугуйлангийн сургалт явуулахын зэрэгцээ улсын хэмжээнд хүүхэд багачуудын дунд зохиох соёл хүмүүжлийн ажлыг төвлөрүүлэн зохион байгуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

1984 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан шинэ цогцолборт орсон.

1991 он хүртэл 100% улсын төсвөөр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

1992 оноос эхлэн төлбөрт сургалтын тогтолцоонд шилжиж 20 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Төлбөрт сургалтаас жилдээ 347 гаруй сая төгрөгийн орлого оруулж, түүнээс 30 орчим хувийг багш, ажилтан, ажилчдын урамшуулалд зарцуулан, ихэнх хэсгийг ордны урсгал зардал, цахилгаан дулаан, холбоо мэдээлэл, бохир цэвэр усны үйлчилгээ болон сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах, анги танхим тохижуулах, ордны материаллаг баазыг бэхжүүлэхэд зарцуулж ирлээ.

Жилдээ 30 орчим дугуйлан хичээллэж байна

Монголын хүүхдийн ордон жилдээ 30 орчим  төрлийн дугуйланд 2000 орчим хүүхэд элсүүлэн сургадаг. Манай хамт олон  бүтэн болон хагас өнчин, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдийн сургалтын төлбөрийг 25-100% хөнгөлдөг нь тэдний сурах идэвхийг өрнүүлэх, авъяас билгийг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна.

Монголын хүүхдийн ордны дугуйланг сүүлийн жилүүдэд төгссөн сурагчдаас мэргэжлийн их дээд сургуулиудад 4200 орчим хүүхэд элсэн суралцаж, 420 орчим хүүхэд мэргэжлийн урлагийн болон бусад байгууллагад ажиллаж байгаа нь тус ордны сургалтын чанарыг харуулах гол үзүүлэлт юм. Мөн улсын хэмжээнд хүүхэд багачуудын дунд төрөл бүрийн уралдаан тэмцээнийг төвлөрүүлэн зохион байгуулах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр ирлээ. Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Цодгор хүү”, ардын болон хүүхдийн дуу дуулаачдын “Дуулах өв”, өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга”, уран уншигч багачуудын “Уран жиргээ”, ардын хөгжимчдийн “Ая эгшгийн зургаан жигүүр”, цэцэрлэгийн насны хүүхдийн цэнгээнт бүжгийн “Шувуухай”, “Би эстрадын дуучин” болон “Азийн цэцэгс”, “Өвлөн бүжицгээе”, “Ганга мөрний уянга” зэрэг уралдаан тэмцээний нэр хүнд өсч, хамрах хүрээ өргөжин, оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Ордны багш сурагчдын хүчээр Д.Содномдорж, Ц.Сүхбаатарын “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуурь, Л.Мөрдорж, Касма нарын “Чин хүсэл” хөгжимт драм, Т.Чимэддоржийн “Залгамж үеийн тэмүүлэл” дөрвөн ангит магтуу, О.Сундуй, Г.Цэндоржийн “Долоон хожгор, нэг можгор”, Б.Дагданбазар, Г.Цэндоржийн “Царцаа Намжил” дуулалт жүжиг, Г.Цэндорж, Б.Энхтуяагийн “То вангийн хошуу наадам”, С.Маршакийн “Муурын байшин”, Лео Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй”, Андерсоны “Цоорхой шаахайн нууц” бүжгэн жүжгийг ордны тайзнаа найруулан тавьсан нь Монголын урлагийн алтан санд хүүхдийн бие даасан бүтээл болж орсон юм.

Мэргэжлийн багшлах боловсон хүчинтэй

Монголын хүүхдийн ордонд ажиллаж байгаа багш нарын 60 гаруй хувь нь залуу багш нар бөгөөд Монгол Улсын гавъяат багш 2, “Алтан гадас” одонт 5, Ардын боловсролын тэргүүний ажилтан 8, Соёлын тэргүүний ажилтан 13, МҮЭ-ийн Соёлын тэргүүний ажилтан 9, Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан 5, Залуу үеийг хүмүүжүүлэгч ажилтан 5, Тэргүүний арга зүйч багш 17, магистр багш 5, бакалавр зэрэгтэй 14 багш ажиллаж байна.

Нийслэл хотоо цэцэгжүүлэн хөгжүүлэхэд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн бүтээлч оролцоог өрнүүлэх зорилгоор зарласан “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт-2003” аянд хошуучлан, 10 сая төгрөгийн хандив өргөж, “Хүндэт дэвтэр”-т мөнхрөн бичигдлээ.

Сүүлийн жилүүдэд сургалт, хүмүүжлийн ажил явуулах тохилог орчин бүрдүүлэхэд ихээхэн анхаарч, ордны дээврээ засварлуулж, их танхимын 700 ширхэг сандал, их, бага танхимын хивсэн дэвсгэрийг сольж, иж бүрэн засвар хийсний зэрэгцээ ордны гадна фасадыг засварлаж, бүх давхрын бие засах газрыг шинэчлэн солилоо.

2009 онд ордны дээврийн цонхнуудыг вакум цонхоор шинэчлэн сольж, кадастрын зураглалын дагуу ордны зүүн, урд талд хашаа хийлгэж, ордны эзэмшлийн газраа баталгаажуулсан.

Их танхимын гэрэл, дуу чимээний техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Японы “Соёлын өвсний үндэс” төслийн шугамаар шинэчлэн сайжруулав.

Ордныхоо сантехникийн хэвийн ажиллагааг найдвартай хангахын тулд дэвшилтэт технологи, ялтаст ус халаагчаар төхөөрөмжилж ашигласнаар сүүлийн жилүүдэд олон арван сая төгрөгийн дулааны эрчим хүчийг хэмнэснээс гадна халуун, хүйтэн усны муудсан шугам хоолойг шинэчлэн сольж, халуун усанд электрон автомат суурилуулж, гадна дулааны 200 у/м ф108 мм-ийн хос шугамыг бүрэн шинэчлэн солих ажлыг өөрсдийн ажилчдын хүчээр хийж гүйцэтгэв.

Багш нарын алжаал ядаргааг тайлах, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Багш хөгжлийн төв”-ийг шинээр байгуулан, шаардлагатай техник хэрэгсэл, компьютерээр ханган, интернетэд холбосон.

Сургалтын чанарыг дээшлүүлэх, орчин үеийн техник хэрэгсэл, хөгжмөөр хангах үүднээс сургалтанд шаардлагатай канон, LCD проектор, notebook, дижитал аппарат, CD-тэй хөгжим, телевизор, приставка, микрофон, төгөлдөр хуур, морин хуур, шанз хөгжим, бага оврын суудлын машин авсан. Жижүүрийн ширээн дээр камер суурилуулан 16 цэгийг хянаж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна. Эдгээр зүйлийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын зөвшөөрлөөр урьд онуудын өөрийн орлогын үлдэгдэл хөрөнгөөс зарцуулсан болно.

Хүүхдүүдийн авъяас чадвар олон улсад үнэлэгддэг

Хүүхдийн ордны гадаад харилцааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж ирсэн бөгөөд манай  хүүхдүүд Франц, Турк, ОХУ, Япон, Хятадын Шанхай, Пенглай, Энэтхэг, Макао,  Тайвань, Гонгконг, Тайланд, Польш, Итали, АНУ зэрэг улсуудад болдог Олон улсын хүүхдийн урлагийн их наадмуудад амжилттай оролцож үндэсний урлагийг гадаад орнуудад сурталчлахад зохих хувь нэмрээ оруулж байна.  Түүнчлэн Япон улсын Фукуока хотод зохиогддог Ази Номхон Далайн орнуудын хүүхдийн чуулга уулзалтанд жил бүр 6 хүүхэд, 1 багшийн хамт амжилттай оролцлоо.  2008 оноос эхлэн БНСУ-ын Сөүл хотын Ендынпо дүүргийн хүүхдийн ордонтой байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу “Хүүхэд солилцооны хөтөлбөр”-ийг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Хүүхдийн төлөө сэтгэлтэй хамт олон

Тус ордон 80 гаруй ажиллагсадтай, 3 албатай. Засгийн газрын тогтоолын дагуу ажилчин, албан хаагчдад ур чадварын нэмэгдлийн 25 хувийг сар бүр, хагас, бүтэн жилээр үр дүнгийн шагналыг олгодог. Багш нарын хувьд төлбөрт сургалтаас оруулсан орлого, сургалтын чанар, үр дүн, хүүхдийн тоо, ажлын ачааллыг харгалзан сургалтын хугацаанд нэмэгдэл урамшуулал олгож ирсэн. Ингэснээр багш, ажилчин, албан хаагчдын тогтвор суурьшил сайжирч, эвсэг хөдөлмөрч хамт олон бүрдэхэд чухал түлхэц болж өгсөн юм.

Манай хамт олны хүүхэд багачуудын төлөө хийж буй ажлыг үнэлж 1998 онд Хүүхдийн төлөө Үндэсний Газраас “Хүндэт өргөмжлөл”, 1999 онд Хүүхдийн эрхийн төв, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хүүхдийг эрхэмлэгч байгууллага” өргөмжлөл, 2001, 2007 онд Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Тэргүүний өмч эзэмшигч байгууллага” өргөмжлөл, 2006 онд Нийслэлийн татварын газраас тэргүүний татвар төлөгч байгууллагын “Мөнгөн мод” цом, 2003 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс “Хүүхдийн нөхөр буяны эзэн” өргөмжлөл, 2006 онд МҮХАҮ-ийн танхимаас “Нийгэм соёлын эрхэмсэг оршихуй” шагналаар тус тус шагнасан нь манай хамт олны ажлын амжилтыг дүгнэсэн үнэлгээ юм.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН
scroll to top