“Уран жиргээ” уралдаан 2019

УРАН УНШЛАГЫН “УРАН ЖИРГЭЭ-20 ЖИЛ” УЛСЫН НААДАМ

Уран уншигч хүүхэд багачуудын дунд зохион байгуулагддаг “Уран жиргээ” улс хотын наадам нь анх 1999 оноос эхлэн өдийг хүртэл тасралтгүй амжилттай зохион байгуулагдсаар байна. Анх “Уран жиргээ” уралдааныг Монгол Улсын Төрийн Соёрхолт, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, хүүхдийн зохиолч нэрээрээ алдаршсан Жамбын Дашдондог санаачлан тухайн үеийн МХО-ны захиргаа драмын дугуйланд санал тавьсанаар зохион байгуулагдаж эхэлсэн. Тэр цаг үеээс эхлэн өнөөг хүртэл өргөжин тэлж амжилттай зохион байгуулсаар ирсэн бөгөөд нийслэлээс цэцэрлэг, бага, дунд гэсэн 3 нас хөдөө орон нутгаас бага, дунд насны ангилалд явагддаг байсан бол 2005 оноос хөдөө орон нутаг ялгаагүй ахлах насны ангилал нэмэгдэж нийт 4 насны ангилалаар явагдсаар байгаа. Ийнхүү уралдаан маань өргөн цар хүрээг хамарч оролцогчдын тоо хамрагдах хүрээг тэлж чадсан онцлогтой. 2010 оноос эхлэн МХО-ны нийт тэмцээнүүд 2 жилд 1 удаа наадам нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд 2019 онд “Уран жиргээ” Улсын наадам нь 20 дахь удаагийнх болж байгаатай холбогдуулан “Уран жиргээ-20 жил” нэрийн дор явагдах болсон. Мөн м”Уран жиргээ” наадмын анх санаачлан үүсгэн зохион байгуулагч МУТС, СГЗ-тэн нэрт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн нэрэмжит болгох гэр бүлийнх нь саналыг МХО-ны захиргаа дэмжин хүлээн авч тус наадмыг Ж.Дашдондогийн нэрэмжит “Уран жиргээ” уран уншлагын наадам болгон зохион байгуулахаар болж байгаа билээ.

Зохиолчийн гэр бүл нь “Уран жиргээ-20жил” Улсын наадамд ерөнхий ивээн тэтгэгч хамтран зохион байгуулагчаар оролцох болсон.

Монголын Хүүхдийн Ордон, МУТС, СГЗ-тэн нэрт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн нэрэмжит уран уншлагын “Уран жиргээ-20 жил” Улсын наадам зохион байгуулах комисс.