Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд олон улсын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө

Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн Засаг Даргын тамгын газартай хамтран хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүртээмж чанар, үр дүнг сайжруулах үүднээс “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна Хуралд Франц, ОХУ, Солонгос, Тайланд, Бүгд Найрамдах Колумба улсуудын эрдэмтэн мэргэжилтнүүдийн хүүхдийн асуудлаар хийгдсэн сүүлийн үеийн шинэ судалгааны ажлуудыг авч хэлэлцэж байна.       

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох олон талын арга зүйн бодлогыг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой аж.

Хуралд гадаадын болон манай улсын судлаачдын 68 эрдэм шинжилгээний өгүүллэг, илтгэл ирснээс үндсэн хуралдаан болон салбар хуралдаанд нийт 34 илтгэлийг хэлэлцүүлж байна.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх баяр хүргэж илгээлтээ хүргүүлжээ. Мөн Боловрол Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Нийслэлийн Засаг даргын орлогч Д. Энхтөр  нар баяр хүргэж үг хэллээ.

Хурлын үндсэн хуралдаанд “Төрөөс хүүхдийн хөгжил, хамгаалалын талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал” сэдвээр Хөдөлмөр Нийгмийн Хамгаалалын Яамны Хүн амын хөгжлийн Газрын дарга С. Тунгалагтамир, “Монгол хүүхдийн хөгжлийн онцлог” сэдвээр Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) дэд профессор С. Санжаабадам, Тайланд Улсын Боловсролын яамны төрийн захиргааны хэлтэс, аудит үнэлгээний хороо, Төрийн байгууллагын хөгжлийн комиссын газрын мэргэжилтэн доктор (Ph.D) Оратай Мулким “Лабратори сургуульд хэрэгжүүлсэн төслийн үнэлгээний судалгаа” сэдвээр, Монголын хүүхдийн ордны захирал, доктрант Б. Цэнгэлмаа “Урлагаар дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих нь” сэдвээр, Кристиан Нобелийн сангийн
Монгол дахь Үйл ажиллагааны захирал Томас Минтер “Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааны тухай” сэдвээр, Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн захирал МУИС-ын Боловсрол сэтгэл судлал

ын тэнхимийн багш, доктрант Б. Золзаяа “Видео тоглоомын донтолтод нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан нь” сэдвээр тус тус илтгэл танилцуулж байна.       

Эрдэм шинжилгээний хуралд хүүхдийн хөгжил, оролцоо, боловсролын асуудлууд, хүүхдийн эрүүл мэндийн асуудлууд, хүүхдийн сэтгэл зүйн асуудлууд, хүүхэд хамгаалал, хууль эрх зүйн асуудлууд болон улс орнуудын хүүхдийн талаар баримтлах төрийн бодлогын асуудлуудаар 4 салбар хуралдаан болон зохион байгуулагдаж байна.  

Хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүнд суурилсан чиглэл болгох юм байна.