Харшийн сүлд модны наадам

Монголын Хүүхдийн ордон анх 1958 онд Монголын Пионер сурагчдын төв ордон нэртэйгээр байгуулагдсан цагаасаа эхлэн онц сурлагатан, тэргүүний сурагчид урилгаар оролцдог “Харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. “Харш” гэдэг нь маш том, саруулхан, гэгээлэг, олныг хамарсан баяр цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг ордныг хэлдэг утгаар нь “Харшийн сүлд модны наадам” гэж нэрлэсэн юм. 

Харшийн сүлд модны наадам нь хүүхэд бүр үлгэрийн ид шидийн ертөнцөөр аялан, тэр жилийнхээ амжилт бүтээлээ дуулгасан, өвгөн аавынхаа амттаны дээд уут дүүрэн бэлгээ авдаг уламжлалт баяр билээ. 

Харшийн сүлд модны наадам нь эдүгээ 59 жилийн турш үргэлжлэн, хүүхэд багачуудад баяр цэнгэлийг бэлэглэн, үе үеийн Төр засгийн удирдагчид хүүхдүүдийн хамтаар наадамд оролцон баярладаг “Том наадам” болжээ. Уг наадмын тоглолтод жил бүр тус ордны урлагийн дугуйлангийн 120-150 хүүхэд оролцон, дунджаар жилд 4200 орчим хүүхэд багачууд үзэж сонирхон бэлэг авдаг юм.  Харшийн сүлд модны наадмыг жил бүр МХО-ы урлагийн багш нар өөр, өөр зохиомжоор найруулан тавьж ирсэн нь хүүхдүүдийн сонирхлыг татсан, хүсэн хүлээдэг наадам, урлагийн баяр, хүүхдэд зориулсан соёл урлагийн шилдэг хөтөлбөр болон өргөжлөө. 

Харшийн сүлд модны наадмын өвлийн өвгөн аавын дүрд 1958 оноос 2005 он хүртэл  Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай 47 жил тасралтгүй тоглосон юм. 2006 оноос өвлийн өвгөний халааг Гавьяат жүжигчин, “Хасар Жагаа” нэрээр олонд танигдсан Б.Жаргалсайхан өвлөн авч Харшийн сүлд модны наадмаар хүүхэд багачуудтай учран золгож байна.

/1963 оны нэгдүгээр сарын 05-нд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Нийслэлийн сургуулиудын өвлийн амралтыг тохиолдуулан, Засгийн газрын харшид “Их найрамдал” нэртэй хүүхдэд зориулсан баярын үдэшлэг зохиосон. Энэ үдэшлэгт Нам засгийн удирдагчид оролцож,УИХ-ын дарга Ж.Самбуу гуай пионер багачуудад хандан сургаалын үг хэлжээ. Шинэ жилийн баяраар “Номын ертөнцөөр жуулчилсан нь” багт наадмыг  анх удаа зохион байгуулсан байна. Үүнээс хойш онц сурлагатан пионер сурагчдын сүлд модны наадмыг МПС-ын ордноос гадна Залуучуудын ордонд төвлөрүүлэн хийдэг болсон/

  • Харшийн сүлд модны наадам Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадам”-н тоглолт 12-р сарын 26-наас 31-ны өдрүүдэд өдөрт 2 удаа МХО-ны 700 хүний суудалтай Их танхимд тоглогддог.  21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ын сургуулийн шилдэг сурагчдад бэлэг гардуулдаг ба тоглолтыг үзсэн хүүхэд бүрт уут дүүрэн бэлэг өгдөг онцлогтой юм.

2017 онд МХО “Харшийн сүлд модны наадам”-аа МХО-ны оюуны өмч болгон баталгаажуулж авсан ололттой үйл явдал юм.