Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн баяр

Монголын хүүхдийн ордоны түүхт 60 жилийн ой тохиож байна

1958 оны аравдугаар сарын 19-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн наймдугаар сарын 22-ны өдрийн тоот тогтоолоор Хүүхэд багачуудын авьяас чадварыг дэмжин хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготойгоор “Монголын Пионер Сурагчдын Төв” ордон буюу “Монголын Хүүхдийн Ордон”-ыг байгуулсан билээ.

Харин өнөөдөр “Монголын хүүхдийн ордон”-ы түүхт 60 жилийн ой тохиож байна. Энэхүү байгууллага нь хүүхэд багачуудын авьяас чадварыг дэмжин, хөгжүүлэхээс гадна тэдэнд ардын урлаг үндэсний өв соёлыг өвлүүлэн үлдээж, сурталчлан таниулах, сурган хүмүүжүүлэх ажлыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгодог юм.  2018-2019 оны хичээлийн жилд 4500 орчим хүүхэд багачуудыг ордондоо элсүүлэн суралцуулж, 130.000 гаруй төгсөгчидтэй болсон билээ. Энэхүү 60 жилийн хугацаанд Монголын хүүхдийн ордны төгсөгчдөөс Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Ардын зураач, Урлагийн болон Соёлын гавьяат зүтгэлтнүүд олноор төрөн гарсан бөгөөд урлаг соёлын байгууллагууд, их дээд сургуулиудад урлагийн боловсон хүчнүүд болж, нэр хүндтэй албыг хариуцлагатай хашиж байгаа.

Төгсөгчдөөс гарсан эдгээр амжилтууд нь “Монголын хүүхдийн ордон”-ы сургалтын чанар чансаа, үр дүнг харуулахын зэрэгцээ Монгол Улс хүүхэд багачууд, өсвөр үеийнхний авьяас чадварыг 60 жилийн турш дэмжиж ирсэн нийгмийн амжилтыг харуулж байгаа юм. Арга хэмжээний үеэр Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Бидний мэдэх багачуудын ордон өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монголын пионер сурагчдын төв ордон, Монголын хүүхдийн ордон хэмээн нэрлэгдэж, сүрлэг сайхан 2 ордонд суурьшин тогтнож 13 захирлын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж иржээ. Хугацаа мөчлөг бүр өөр өөрийн түүхийг өгүүлж, хөгжил дэвшлийн төлөө үргэлжид тэмүүлж хэтийн болон ойрын төлөвлөгөөтэйгээр урагшлан хөгжсөөр өнөөдрийг хүргэсэн нь дамжиггүй. Анх 30 гаруй дугуйланд 3000 орчим хүүхэд элсүүлж, урлаг утга зохиол, биеийн тамир, барилга, техник гэсэн чиглэлүүдээр 40 гаруй багш ажилчидтайгаа үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бидний хамт олон Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хүүхдийн авьяас, оюун билгийг хөгжүүлэх, үндэсний урлаг, соёлын өвөө дээдлэн өвлүүлэх, хэл шинжлэл, шинжлэх ухаан, урлаг, спорт, уран бүтээлийн сургалтаар дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилго бүхий дөрвөн алба нэг нэгжийн хүрээнд 109 багш ажиллагсадтайгаар 32 төрлийн дугуйланд хүүхдүүдийг элсэн суралцуулсаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна” гэв.

Мөн хүүхэд багачууд төдийгүй ард түмэнд танигдсан “Монголын хүүхдийн ордон”-ы нэрийн бренд болсон улсын уралдаанууд, “Харшийн сүлд модны наадам” зэрэг нэр хүндтэй үйл ажиллагаа, томоохон арга хэмжээг тасралтгүй зохиосоор ирсэн бөгөөд жилээс жилд өргөжин тэлсээр байна.

Хүүхэд багачуудын авьяас бэлгийг хөгжүүлсэн түүхт 60 жилийн ойгоо угтан 60 бүтээлч ажил санаачлан хийж байгаа. Тухайлбал, Нийслэлээс алслагдсан дүүрэг, хороодын хүүхдийг дугуйланд хамруулах зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт уран зураг, дуулаач, драм, бүжиг, амьдрах ухаан зэрэг 30 гаруй дугуйланд 6000 орчим хүүхдийг хамруулан сургасан юм. Мөн энэ оны долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд “Мөнгөн хараацай” Олон улсын хүүхдийн урлагийн Анхдугаар наадмыг ОУХ ”Найрамдал” цогцолбортой хамтран зохион билээ. Уг наадамд ОХУ, БНХАУ, ТАЙЛАНД улс, БНСУ болон манай улсын нийт 330 гаруй хүүхэд багачууд оролцож, авьяас чадвараа сорин, харилцан туршлага солилцож, улс үндэстнийхээ өв соёлыг сурталчлан таниулсан юм. Үүнээс гадна 2018 онд Монголын Хүүхдийн ордноо олон улсын жишигт нийцэхүйц Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага  MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэгч  байгууллага болгон ажиллаж байна


Дашрамд дурдахад, 1958 онд болж байсан “Монголын хүүхдийн ордон” буюу Монголын Пионерийн ордныг нээлтэд БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн дарга нөхөр Ж.Самбуу “Энэ ордон бол пионер багачууд та нарыг эрүүл чийрэг, эрдэм номтой, төрөл бүрийн мэргэжилтэй, ажилч хичээнгүй хүмүүс  болгохын төлөө байгуулагдсан Та нарыг эрдэм номтой, хөдөлмөрт дуртай, эрүүл чийрэг,соёлч боловсон хүмүүс болгон хүмүүжүүлэхийн тулд бүхий л анхаарлаа тавьж байна. Сайн, онц сайн сурлагын үндэс нь сайн сахилга бат мөн. Сахилга бат сайтай явна гэдэг бол өөрийн сонирхол, өөрийн үйл ажиллагааг, нийтийн амьдрал ажиллагаанд захируулна гэсэн хэрэг юм.Сурагч та бүхэнд хөдөлмөрийн хүмүүжил олоход өнөөдөр нээгдэж байгаа Пионерийн ордон сайхан бололцоо олгож байна” хэмээж байсан юм. Харин Комсомолын төлөөлөгчдийн тэргүүн Ю.А.Маринкина хэлэхдээ “Сурагчдын хүмүүжлийн өргөн цар хүрээтэй ажил өрнүүлэн,тэдний чадвар авьяас сонирхлыг бүх талаар хөгжүүлэх бололцоотой болгож байна. Пионерийн ордны багш нар, Монголын залуучуудын эвлэлийн ажилтан нар тус ордныг “Монголын багачуудын хичээлээс гадуур хийх бүх ажлын төв, пионерийн хөдөлгөөний ажилтны мэргэшлийг дээшлүүлэх төв болгож чадна гэдэгт бид итгэж байна” гэж хэлсэн байдаг. Энэхүү үгэнд шингэсэн үзэл санаа өнөөг хэрнэ үнэ цэнээ алдаагүй байгаа юм.  

2018.10.19