Энэтхэг бүжгийн улсын уралдаан

Монголын Хүүхдийн ордноос 22 дахь жилдээ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын элчин сайдын яам болон Улаанбаатар дахь Энэтхэгийн соёлын төвтэй хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн улсын уралдаанд 11 аймаг, 6 дүүргийн 250 гаруй сурагчдыг хамруулан амжилттай болж өндөрлөлөө.
Манай улсын хүүхэд багачуудын урлаг, соёлын хөгжилд өвөрмөц төрлөөрөө онцгой хувь нэмэр оруулдаг энэхүү улсын уралдаан нь БНЭУ-ын ардын болон үндэсний бүжгийн урлагийг сурталчлах, өсвөрийн бүжигчдийн бүжиглэх ур чадварыг сайжруулах, тэдний авьяасыг нээн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болдог. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын элчин сайд М.П.Сингх, Улаанбаатар дахь Энэтхэгийн соёлын төвийн захирал Л.Саянаа болон уралдааны шүүгч нартаа МХО-ноос талархал илэрхийлэхийн зэрэгцээ бид бүхний цаашдын хамтын үйл ажиллагаа 🇲🇳🤝🇮🇳 улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Уралдаанд амжилт гарган байр эзэлсэн болон оролцсон нийт хүүхэд багачууддаа цаашдын сурлага, хөдөлмөр, урлагийн өндөр амжилт хүсье